Хөвсгөлд хагас өнчин Б хүүг гурван жил пиндээ хорьж байсан хэрэг ил боллоо
Таван настай хүү аавдаа хэрцгийгээр тамлуулж улмаар хууль, эмнэлэгийн байгууллагын тусламж, хамгаалалтад ороод байна.
Тус хэргийн талаар Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр Хөвсгөл аймагт хагас өнчин 16 настай Б хүү гурван жилийн хугацаанд айлын пин буюу амбаарт хоригдож амьдарч байсан тухай мэдээллийг ил болголоо.
Энэ хэргийн талаар өнөөдөр Хөвсгөл аймаг дахь Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 16 настай Б хүүгийн эцэг, эх нь гэр бүлээ цуцлах үед хүүг эцэг нь өөрийн асран хамгаалалтандаа авсан ч эцэг нь удалгүй нас барж төрсөн эгчдээ асран хамгаалах эрхийг шилжүүлжээ.
Гэвч эгч гэх хүн тухайн хүүхдийг хайхрахгүй орхиж дүүдээ Б хүүг харж хандахыг хүссэн байна.
Харамсалтай нь дүү нь хүүхдийг ад үзэж гурван жилийн туршид пиндээ амьдруулж, хүүхдийн, хүний эрхийг ноцтой зөрчжээ.
Б хүү зэргэлдээ айлынхаасаа хүнс хулгайлж баригдан энэ явдлын тухай хөршүүд нь мэдэн холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлж хэрэг илэрчээ.
Одоо хүүг Хүүхдийн төлөө үндэсний газрын байрт хамгаалалтанд авч төрсөн эхэд нь энэ талаар мэдээллийг хүргүүлжээ. Үүнээс илүү мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газарт ч тодорхой мэдээлэл ирээгүй байна.
Саяхан АНУ-д гурван эмэгтэйг хулгайлж 10 жилийн хугацаанд хорьж байсан нь илэрч дэлхий дахиныг цочирдуулсан билээ. Харин Монголд өөрийн төрлийн хүүхдийг ингэж хорьж, тамлаж байгаа ноцтой хэрэг ил болсон нь хууль, хяналтын байгууллагуудад нэгийг бодогдуулах биз ээ.
Бид энэ тухай дахин сурвалжлах болно.