
Засаг даргын мэндчилгээ
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын цахим хуудсанд зочлон буй нутгийн зон олон, энэ сайхан нутагт төрж өсөн, эргэх дэлхий, эх орныхоо хаа нэгтээ ажиллаж, амьдарч байгаа иргэд болон Монгол түмэндээ Той, Хөнжил, Тосон, Цэцүүх, Агьт, Цагаанбургас, Ар Гурван Харганаар нутагтай Жаргалантчуудынхаа өмнөөс амар мэндийг тань айлтган мэндчилье.
Өнө удаан жилийн түүхтэй, өсөн дэвжиж өргөжин тэлсэн Жаргалантын өнгөрсөн түүх, өнөөгийн дүр төрх, цаашдын хөгжил зорилтын талаар болон бусад мэдээ, мэдээлэлтэй саатан танилцахыг урьж байна.
Төрөлх сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө иргэд хөдөлмөрчдийн маань уйгагүй хөдөлмөрийн ачаар мал сүрэг таван төрөл дээрээ өсч, хүн ам 5200 гарч, нутаг оронд маань 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга бүрэн ашиглалтанд орсон, нэгдсэн дулаанд холбох ажил, 500 хүний суудалтай соёл, спортын цогцолборын барилгын ажил, хогийн цэг булж устгах, шинэ стандартын хогийн цэг бий болгох ажил өрнөсөн үед мэндчилж буйдаа таатай байна.
Хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлж, хөдөлмөр эрхлэлтийг бүхий л талаар дэмжин, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангаж, өөрийгөө тэтгэсэн, тогтвортой эдийн засаг бүхий жишиг сум болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дэлхий дахин даяаршиж, улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан, үзүүргүй ертөнцөд өртөөлөн төрөлх нутаг, түмэн олонтойгоо ойр дотно байж, бид бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Миний нутгийн ахан дүүс та бүхний ажил үйлс, амьдрал тань байнга дээшлэн дэвшиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.