Жаргалант сум Морьтон монгол өдөрлөгийг зохион байгуулна

Үндэсний их баяр наадмын үеэр тохиолдуулан зохион байгуулж буй уг өдөрлөгийн хүрээнд сумын нийт иргэд, баг, байгууллагуудын дунд “1000 морьтны жагсаал”, “Хос морьтон гэр бүл”, “Морь бугуйлдах”, “Морь булгиулах”, “Сэлгээ морьтон”, “Жороо морьтон”, “Ногт зангидах”, “Уурга шүүрэх” зэрэг Монгол түмний өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэх, өв соёлоороо бахархах, нутгийн малчин залуусын эв нэгдлийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо сурталчлан таниулах зорилгтой тэмцээн уралдаануудыг зохион байгуулах юм байна.

Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Алтан гадас одонт Жаргалант сум байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг угтан Үндэсний сурын харваа (том хүн, хүүхэд тус бүр эрэгтэй, эмэгтэй төрлөөр), шагайн харваа (цуваагаар), шатрын тэмцээн (насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр)  зэрэг үндэсний өв уламжлалаа сэргээн таниулах, сурталчлах тэмцээнүүд өргөнөөр зохиогдох бөгөөд 7 сарын 9 нд хурдан морины уралдаанд 6-н насны хурдан хүлгүүд шандас сорин уралдах юм байна. Харин 7 сарын 10 нд Хүчит 128 бөх, Шигшээ-32 залуу бөх, Хүүхдийн барилдаануудыг тус бүр зохион байгуулах бөгөөд энэ жилийн наадам “Морьтон монгол” өдөрлөг зохион байгуулахаараа онцлог болж байна.