ЖАРГАЛАНТ СУМЫН ХҮҮХДИЙН НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ
2024-10-03 12:14:53,   2

       Жаргалант  сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1965 онд 2 ажилтан, 11 хүүхэдтэй анх байгуулагдсан. Эрхлэгч багш нь Ш.Жавзан, асрагч багш нь Л.Мижидмаа (сум нэгдлийн дарга хурандаа Дүйнхэржавын гэргий). Тус цэцэрлэг нь өдгөө үндсэн 7 бүлэгтэй, 250 гаруй хүүхэдтэй, 30  багш, ажилтантай ажил үйлчилгээ явуулж байна. 2016 онд 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр баригдсан.

1965 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН ҮЕ ҮЕИЙН ЭРХЛЭГЧ НАР

Шугарын Жавзан

      Ш.Жавзан нь 1943 онд Жаргалант суманд төрсөн. Тус сумын анхны цэцэрлэгийн эрхлэгч, багшаар 1965-1967 онуудад ажилласан. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байхдаа V,VI,VII таван жилийн гавшгайч,   “Худалдааны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.

Махбуриадын Саранцэцэг

       М.Саранцэцэг нь 1967 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд, төрөлх сумынхаа Хүүхдийн цэцэрлэгт 1967-1968 онуудад эрхлэгч, багшаар ажилласан. “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагджээ.

Товтиронгийн Буджав

     Т.Буджав нь 1969 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд,  сумынхаа Хүүхдийн цэцэрлэгт  томилолтоор ирж, 1961-1971 онуудад эрхлэгч, багшаар ажиллажээ. Асрагч нь Л.Чойжин, тогооч нь Д.Ламжав нар байв. Боловсролын системд ажиллах хугацаандаа “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Жанжаагийн Шугаржав

     Ж.Шугаржав нь 1971 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсч, Жаргалант сумынхаа Хүүхдийн цэцэрлэгт 1971-1973  онуудад эрхлэгч, багшаар ажилласан. “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.

Дамдины Бямбасүрэн

     Д.Бямбасүрэн нь 1973 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсч, анхны ажлын гараагаа   сумын  Хүүхдийн цэцэрлэгээс эхэлж,  1973-1976 онд эрхлэгч, багшаар ажилласан. “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Алтан гадас одон”-оор шагнагджээ.

                                                  Чойжилжавын Баянжаргал

        Ч.Баянжаргал нь 1976 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд,  тус цэцэрлэгт  1976-1977 он хүртэл эрхлэгч, багшаар ажиллаж байгаад, Галт сумын цэцэрлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цэцэрлэгт ажиллажээ. Асрагч нь Пүрэвжав, тогооч нь Номинзул (сум нэгдлийн дарга Зинамядарын гэргий)нар байв. “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагджээ.

Дүгэрийн Найдан

       Д.Найдан нь 1977-1980 онуудад тус сумын цэцэрлэгт эрхлэгч багшаар ажиллажээ. 1981-1988 онуудад Мөрөн сумын 4-р цэцэрлэгт ажиллажээ.  Ажиллах хугацаандаа АБЯ-ны  Баярын бичиг, V,VI таван жилийн гавшгайч, Боловсролын яамны жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагджээ.

Даваанямын Сумьяа

Д.Сумьяа нь 1972 онд  Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсч,  сумынхаа 8 жилийн дунд сургуульд 1972-1980 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад, 1980-1996 онуудад  тус цэцэрлэгт эрхлэгчээр ажилласан. Боловсролын байгууллагад ажиллах хугацаандаа АБЯ-ны ” Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”-оор шагнагджээ.

Довчингийн Цэцэгмаа

        Д.Цэцэгмаа нь 1977 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж,  Жаргалант сумын  дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаад, 1978 оноос  тус цэцэрлэгт  багш, 1996-2008 он хүртэл эрхлэгчээр ажиллажээ. Ажиллаж байх хугацаандаа аймгийн “Аварга багш”, багш нарын V их хурлын төлөөлөгч, “Тэргүүний залуу алтан медаль”“Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдаж, сумын депутатаар сонгогдож байв.

Шаравын Бурмаа

           Ш.Бурмаа  нь  Улаанбаатарын Цэцэрлэгийн багшийн сургууль төгсч, Рашаант сумын цэцэрлэгт 12 жил, УБ хотын СХД- ийн 91 дүгээр цэцэрлэгт 2 жил ажиллаад 2004 онд төрөлх сумынхаа хүүхдийн цэцэрлэгт багшаар орж ажиллаж байгаад  2009 оноос эрхлэгчээр ажиллаж байна. “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэгтэй, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан. Анх 2009 онд эрхлэгчийн ажил авахад 2 бүлэгтэй 11ажилтантай байсан бол жил бүр бүлгийн тоо, багш ажилчдын орон тоог  нэмж өргөжин тэлсээр 7 бүлэг 250 гаруй хүүхэдтэй, 30  багш ажилтантай өнөр хамт олныг бүрдүүлж, 2016 онд 150 хүүхдийн цэцэрлэг бариулж  сумынхаа 2-5 настай хүүхдүүд ая тухтай тохилог  орчинд сурах, багш ажилтнууд нь тохилог цэвэр орчинд ажиллах боломж бүрдүүлэн үр бүтээлтэй   ажиллаж байна.

Натаагийн Оюунтунгалаг

          Н.Оюунтунгалаг нь 1977-1981 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн Багшийн сургууль төгсч, 1982-1987 онд Жаргалант сумын 8 жилийн сургуульд бага ангийн багш, тус сумын цэцэрлэгт багшаар ажилласан. “Багшийн алдар” медаль, БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдсан.

Түмэнбаярын Энхтуяа

            Т.Энхтуяа нь Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. 1997-2019 он хүртэл тус цэцэрлэгт багшаар ажилласан. “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.

Бямбаагийн Цэцэгмаа

          Б.Цэцэгмаа нь 1991 онд Улаанбаатарын Цэцэрлэгийн Багшийн сургууль, 2005 онд МУБИС-ийн СӨБ-ын багш мэргэжлээр төгссөн. Бакалаврын зэрэгтэй. 1990-1991 онд Жаргалант сумын 10 жилийн сургуульд технологийн багш, 1991-2000 онд тус сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилласан. Манлай багш”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан. “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.

 

 

2024-10-03 12:14:53